Дэлхийд алдартай тоглоомын LEGO компани Европ дахь дөрөв дэх үйлдвэрээ Португалд барихаар төлөвлөж байна. Данийн компани шинэ төслийг хэрэгжүүлэхэд нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийх юм байна.
Уг үйлдвэрийг Португалийн Эстаррежа хотод барих юм. Ирэх онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, үйлдвэрлэлийн цогцолборыг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд төслийн хүрээнд орчин үеийн автомат технологиор тоноглогдсон үйлдвэрийг байгуулж, мянга гаруй хүнийг ажлын байраар хангана.
Шинэ үйлдвэрлэлийн цогцолбор нь 60 га талбайг эзэлнэ. Хаалттай үйлдвэрлэл болон бусад байгууламжийн нийт талбай нь 115 мянган хавтгай дөрвөлжин метр болно. Тус үйлдвэрт үйлдвэрлэсэн тоглоомыг Европ, Ойрхи Дорнод, Африкийн орнуудын зах зээлд нийлүүлнэ.
Одоогийн байдлаар LEGO үйлдвэрлэлийн үйлдвэрүүд Европт Дани, Унгар, Чех улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Португаль улсад баригдах шинэ үйлдвэр нь тус компанийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүс нутагтаа улам нэмэгдүүлэх болно.
Тусдаа хэсгүүдээс угсарсан LEGO барилгын иж бүрдэл нь янз бүрийн насны хүүхдүүдийн дунд маш их алдартай бөгөөд бүтээлч, дизайны ур чадварыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг.





